Tuesday, July 26, 2016

Пак Гын Хе | И Мён Баг


Солонгос улсын 10 болон 11 дэх ерөнхийлөгчид болох Пак Гын Хе болон И Мён Баг нарын намтар номыг уншсан нь их сонин тохиолдолтой. Дээрх хоёр номыг хоёуланг нь би өөрөө худалдаж авалгүй яг л намайг унш гэсэн юм шиг өөрсдөө л над дээр хүрээд ирсэн билээ. Анхлан Пак Гын Хе ерөнхийлөгчийн номыг оюутны байранд Өөнөөгийн өрөөнд олж хараад авч уншаад тэр чигт нь голруулсан./дараа нь өөр ном авч өгсөн/ Харин хоёр дахь номыг бол Ууганаа анд өөрөө бараг өгсөн. /дараа нь өөр ном авч өгнөө/ Доор дурдах хэсэгхэн тэмдэглэл нь Солонгос улсын талаар гүн гүнзгий мэдлэгтэй хүнд бол хүүхдийн тоглоом төдий санагдах вий гэж эртнээс сануулж байна.



БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе
/Цөхрөл намайг хатуужуулж Найдвар намайг урагшлуулдаг/

Пак Гын Хе ерөнхийлөгч бол өсвөр наснаасаа цэнхэр ордонд аж төрсөн ба идэр залуу болж өд сөдөө дэлгэн үүрээ орхин нисэх хүртлээ цэнхэр ордны хатуу ёс жаягаар хүмүүжжээ. Түүний эцэг нь Пак Жөн Хи ерөнхийлөгч ба Солонгос улс хоёр солонгосын дайны дараа цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарсан. Солонгос улс дайны дараах буурай ядуу байдлаас гарч үсрэнгүй хөгжих хүртлэх үед солонгос улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Ерөнхийлөгчийн охин гэдэг утгаараа хэн нэгнээс илүү өмсөж зүүх, хэрэглэх ч эрх байхгүй байсан гэж дурдсан байсан. Ард иргэд нь хэцүү амьдралтай байхад эрх дархаа ашиглан оовиргүй аашлах нь аав ээжийнх нь араншин биш ажээ. Пак Гын Хе оюутан ахуй цагтаа нэг ч удаа болзоонд явж үзээгүй гэх ба тэрээр одоо ч гэсэн гэр бүлгүй билээ. Эндээс жижигхэн дүгнэлт хийвэл тэрээр нэг талаас ерөнхийлөгчийн охин байсан нөгөө талаас эмэгтэй хүн хэт өндөр боловсролтой болоод ирэхээр зиндаанд нь тохирох боловсрол, мэдлэг, чадалтай эрчүүд хомсдогддогтой холбож болох юм. Ерөнхийдөө бол сайн гэр бүлд өсөж, сайн хүмүүжлээр хүмүүжиж, нөхцөл бололцоогоо 100 хувь биш юмаа гэхэд нэлээд өндөр хувьтай ашигласан хүн гэж би дүгнээд байгаа. Эцэг эхийнхээ нэрийг газарт чирээд тоос татуулаад давхиж явах нэгэн байхад энэ хүн шиг дээрдүүлдэггүй юмаа гэхэд дордуулахгүй аваад явах нэгэнч байна. Түүний хэлсэн ишлэлээс дурдвал "Хөгжингүй улс болъё гэвэл Хөгжингүй иргэн бол".


БНСУ-ын 11 дэх ерөнхийлөгч И Мён Баг
Ажлаар амьсгалсан он жилүүд

За дараагаар нь И Мён Баг. Энэ хүний намтар нь жинхэнэ намтар шиг намтар санагдсан. Тэрээр 8 хүүхэдтэй айлын доороосоо 2 дахь нь ба хоёр солонгосын дайны дараа тэдний гэр бүл японоос  Солонгосдоо нүүж иржээ./И Мён Баг-ийг 8 настай байхад/ Замдаа тэдний сууж явсан усан онгоц нь живснээс болж өмсөх хувцастайгаа л чү ай мэнд үлдэцгээжээ. Гар хоосон, мэргэжил байхгүй 8 хүүхэдтэй залуу хосууд ёстой л нөгөө хээрээр гэр хийж хэцсээр хоол хийнэ гэдэг шиг л амьдрана биздээ. Хэдий хүнд хэцүү, ядуу амьдрал дунд ч гэсэн ээж нь аавыг нь хэр их хүндэтгэж харьцдаг байсан тухай дурссан байдаг. Тэр үүднээсээ ч гэр бүлийн хүмүүжлийг бас сайн суулгаж өгсөн болов уу И Мён Багт. Ядуу зөдүүгийн хатуу хүнд хуягнаас тэрээр Hyundai Engineering & Construction-д нилээд олон жил ажилласныхаа дараа л салжээ. 23 насандаа анхлан Hyundai Group-т ажилд орж байсан ба түүний тухай Солонгос улс даяар ярьдаг үлгэр домог шиг яриа нь 20-н хэдэн насандаа компаны дэд захирал болж, 30-н хэдэн насандаа компаны ерөнхий захирал болж, 40-н хэдэн насандаа Hyundai Group-н удирдах зөвлөлийн гишүүн хүртлээ маш хурдацтайгаар карьер нь өссөн явдлаас үүдэлтэй аж. Hyundai Group-н захирал нэгэн удаа гадуур яригдах болсон дээрх ярианаас үүдэлтэйгээр И Мён Баг-аа би чамайг биш чи өөрөө өөрийгөө тушаал дэвшүүлдэг шүү гэж хэлсэн гэдэг. Энэ үгнээс үзвэл түүний хоногт 4 цаг унтаж 18 цаг ажилладаг гэх үг нь үнэний ортой ч юм шиг. Тэрээр 27 жил хувийн хэвшилд тасралтгүй ажилласны эцэст улс төрд хөл тавьсан юм. Пак Гын Хе ерөнхийлөгчөөс ялгаатай бас нэг байдал нь тэрээр эхнэр 4 хүүхэдтэй бөгөөд одоо сайхан амьдарч байна. Энэ хүний намтараас хүн хичээвэл хаана хүрч болдогыг харж болохоор./гэхдээ мэдээж өөрөө хүсвэл/ Дахиад л өнөөх өгүүлбэр: Эцэг эхийнхээ нэрийг газарт чирээд тоос татуулаад давхиж явах нэгэн байхад энэ хүн шиг өндөрт өргөөд явах нэгэнч бас байна. /Хүн удмаараа биш ухаанаараа алдаршдаг. -МАЗЦҮ/

Дээрх хоёр ерөнхийлөгчийн номноос Солонгос улсын үсрэнгүй хөгжих болсон шалтгаан мөн тухайн он жилүүдэд улс төрийн байдал хэр байсан, тэр нь эргээгээд хувийн хэвшилдээ хэрхэн нөлөөлсөн зэрэг харьцуулалт хийж болохоор юм. "Цөхрөл намайг хатуужуулж Найдвар намайг урагшлуулдаг ", "Ажлаар амьсгалсан он жилүүд" дээрх хоёр номны нэр нь нилээн ПОП болохоос хурган motivation бол өгнө шүү. Дээрх хоёр эрхэм хоёулаа өөр өөр орчин нөхцөлд төрж, өөр өөр амьдралаас гаралтай ч адилхан ерөнхийлөгчид болсон нь бид хэдий өөр өөр замаар явж буй ч эцэстээ уулзах цэг нэг юм гэдгийг батлаад байгаа юмаа. Уншсан зүйлээсээ үлдэж хоцорсон бага сагахаан зүйлсээс энд бичлээ.

Эцэст нь ганц асуулт: Манай ерөнхийлөгчид маань юу хийвээ? юу бичиж үлдээвээ?